Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо.

Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч – Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байлаа.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:Энэ өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал 1058 МВт-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалалтай адил байгаа юм. Ирэх өвлийн хувьд БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна.

“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа:Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос эхлүүлсэн. Ийнхүү 2022 оны долоодугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэйгээ ойрхон байгуулж байгаа. Мөн Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайтай хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай.

“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон:Бүсчилсэн хөгжлийн форумаар эрчим хүчний салбарыг онцолж байгаа нь маш зөв. Асуудлуудыг сууриар нь ярилцах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна. Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно.

“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо:Миний хувьд эрчим хүчний салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр  судалгааны ажил хийдэг. Өнөө үед дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэл рүү анхаарч байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон батарейн станц дэлхийд 4-5 л байгаа. Энэ станцыг 80 МВт-р хязгаарлаж болохгүй. Харин 800-1000 МВт-н батарейн станцын хүчин чадлыг бий болгох шаардлагатай.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши:Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн асуудалд манай төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа. IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жилийн насжилттай болсон. Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй гэв.

 

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …