Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр  11:00 цагт хаагдсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлжээ.

Өнөөдөр Үнэлгээний хороо хуралдаж, саналаа ирүүлсэн 20 компанид энэ сарын 25-ны өдөр хоёрдугаар үе шатны урилга хүргүүлэх юм. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу гуравдугаар сарын сарын 25-наас хойш ажлын 20 хоногт багтан энэ 20 компанийн нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улмаар тус баг Улаанбаатар хотын метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид хоёрдугаар үе шат болох үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлах юм.

 

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгмийн сүлжээнд хий хоосон зүйл, сонгууль угтсан суртал ухуулга гэх мэдээлэл гарч байгаа. Метроны төслийг ямар нэгэн улс төр, сонгуультай бүү хутгаасай. Урд нь хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтын ажлыг зориг гаргаад, Улаанбаатар хотын өнөөгийн удирдлагын баг бүх тооцоо судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ онд багтаад, инженерийн ажлаа хийж дуусгах, бүтээн байгуулалтад шаардлагатай техникүүдээ оруулж ирэх шахуу төлөвлөгөөтэй явж байгаа гэдгийг хэлье ” гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …