Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5,10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй.
Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэртэй, монгол малыг эрүүлээр экспортолдог болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр сонгож явуулсан гэж ойлгоод байгаа. Монголын газар тариаланг нь өөд нь татахын тулд мал аж ахуйгаа өөд нь татах ёстой юм билээ.

 

Ногоон тэжээл, буурцагт ургамал шинэ төрлийн тэжээлийг тарьж, малын тэжээлийн салбарыг өөд нь татаж байж, тариаланчид, мал аж ахуйн салбараа өөд нь татна. Малын идэж буй өвс тэжээл эрүүл гэдгийг баталдаг хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Дэлхийн ургамлын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагад нэгдэж орсон юм бол хуулиа сайжруулаад агентлагийг байгуулах ёстой юм байна. Уг агентлаг нь Монгол орны бүс нутгийн өвс ургамлыг эрүүл гэдгийг баталж Олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, малын хашаа, хороо, үржиж буй газар эрүүл гэдгийг батлах эрх зүйн орчныг болгох ёстой. Улсаараа бид малын өвчингүй болох гээд барсангүй. Ашгүй өнгөрсөн хаврын чуулганаар хамгаалалттай аж ахуй нэгжийн асуудлыг оруулж ирсэн. Хөдөө аж ахуйн яаман дээр журам нь явж байгаа юм билээ.

Харамсалтай нь Мал эмнэлгийн агентлаг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, лабораториос гарч буй үнэлгээ дүгнэлтийг дэлхий хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс мал махаа гадаадад экспортолж чаддаггүй. Дулааны аргаар гаргаж буй мах нь хамгийн хямд үнэтэй гарч байгаа. Нэг кг нь 2 ам.доллар хүрч байгаа.

Гуравдугаарт, төхөөрч буй газрууд мах комбинатууд нь эрүүл ахуйн шаардлага хангасныг гэрчлэх стандарт ном журам, хууль дүрмээ сайжруулмаар байна. Энэ асуудлыг ярьж байж зудтай тэмцэнэ” гэлээ.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …