Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай төсөл дэмжигдлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Тэтгэврийн нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулагдана.
Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.Халамжийн тэтгэвэр нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай 65.6 мянган хүн энэ халамжийн тэтгэврийг авдаг.
Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг байгаа.
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно” гэж мэдэгдлээ.