2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ үед Монгол Ардын Нам иргэдийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын саналыг нээлттэйгээр авч байна.
МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл болон Удирдах Зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уул уурхайн салбарын нийтлэг эрх ашиг, энэ салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг багцлан гаргаж ийнхүү МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хүргүүлсэн саналд:
- Уул уурхайн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулан цар хүрээг нь нэмэгдүүлэх, тус салбарын тогтвортой ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх
- Эрчим хүчний тогтвортой эх үүсвэртэй болох боломжийг нээлттэй болгох, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг бий болгох төрийн бодлого зохицуулалтыг тодорхой болгон шинэчлэх
- Уул уурхайн салбарт татварын бодит орчныг бий болгож тус салбарын ААН-ийн санхүү, татварын бодит бус ачааллыг бууруулж тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
- Одоо үйл ажиллагаа явуулж буй хариуцлагатай уул уурхайн төслүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, шинээр хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах
- Дэлхийн уул уурхайн салбар болон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа газрын ховор болон чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг идэвхжүүлэх гэсэн саналууд тусгагджээ.