Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм.
Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж буй.
Уг ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцтай танилцан, санал солилцлоо.
Хурлын эхэнд Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435.500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1.801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.
“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах:Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.
Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон хэлэв.