П.Сайнзориг: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын төлөөлөл, архитекторуудтай уулзаж, хуулийн төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, УБЗАА, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ЖАЙКА зэрэг хот байгуулалтын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлсэн юм.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд scsezd@gmail.com цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой. Хуулийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг http://scsez.ub.gov.mn/blog/principalActivities/citizenParticipation/feedback/1/1 холбоосоор нэвтэрч үзнэ үү.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …