П.Анужин: Аутизмтай хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2008 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 2ны өдрийг аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.04.02) “Аутизм ба тэгш хүртээмж“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, аутизмтай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл холбогдох төрийн байгууллага, яамдын төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүд зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Аутизмтай хүүхэд энгийн хүүхэдтэй харьцуулахад хэл яриа, үйл хөдлөлөөрөө өөр байдгаараа нийгмийн ялгаварлалтад өртөж байна. Хэдийгээр тэгш хамран сурах бололцоог олон хуулиар нээж өгсөн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс аутизмтай хүүхдийн талаар нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох цаашлаад төрийн зүгээс оношилгоо, эмчилгээг сайжруулж, хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд засаж сайжруулах ямар асуудал байгааг тодруулахад энэхүү хэлэлцүүлэг чиглэгдэж байгаа хэмээн тодотгов.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хэлэлцүүлгээр хэд хэдэн сэдвээр илтгэл танилцуулж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авав.

“Аутизмд хийсэн аялал” ТББ-ын тэргүүн З.Октябрь “Аутизм ба боловсролын тэгш” хүртээмж сэдвээр танилцуулсан илтгэлдээ, Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 33 хүүхэд тутмын 1 нь аутизмын хүрээний эмгэгтэй байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглалаар энэ тоо өсөх магадлалтайг дурдав. Тэрээр багш эмчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт мэдлэг олгох нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийн туслах, дэмжигч багш нарыг улсын хэмжээнд бэлтгэх, тэгш хамруулах үндэсний хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байлаа. Учир нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эмнэлэг, сургууль, нийгмийн орчинд өдөр бүр таагүй нөхцөл байдалтай нүүр тулгардаг талаар ярьж байв.

Мөн сургалт, судалгааны “Оюун тамир” ТББ-ын тэргүүн Б. Энхзаяа “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал“ сэдвээр мэдээлэл танилцуулахдаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад аутизмын талаар мэдлэг олгох шаардлагатай гэсэн ижил агуулга хөндөж байлаа.  Ихэвчлэн аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг санаачилж, нийгмийн хандлага, харилцааг өөрчлөх нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг аж.

 Хэлэлцүүлгийн үеэр Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор В.Баярмаа аутизмын хүрээний эмгэгийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг танилцуулав.

Тоон мэдээллээс харахад аутизмын хүрээний эмгэг, амбулаторийн өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа дүр зурагтай харагдаж байгаа ч төрийн бус байгууллагын төлөөлөл Монгол Улсын хэмжээнд хэчнээн иргэн аутизмын хүрээний эмгэгтэй байгааг гаргасан баримт, судалгаа байхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

Боловсролын багц хуульд тэгш хамран сургахтай холбоотой 39 зүйл, заалт тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багц хуульд бүлэг орсон нь дэвшилттэй зүйл болсон хэдий ч хэрэгжилт удаан байгааг анхаарах шаардлагатай гэдэг саналыг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан саналуудыг нэгтгэн байнгын хорооноос тогтоол баталж, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ онцлов. Мөн энэ үеэр аутизмтай хүүхдүүдийн зурсан зургийн үзэсгэлэн болон тэдгээр хүүхдийн зурсан зургаар хувцас урласан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн оюутнуудын бүтээлийг дэлгэн харууллаа.

 

 

 

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …