Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг 24 бүх хороондоо “Хурдан” цэгийг нэвтрүүллээ.
Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо.
“ХУРДАН” цэгийн үйлчилгээг бүх хороодод нэвтрүүлж буй өнөөдрийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Чингэлтэй дүүргийн бүх хороо буюу нийт 24 хороонд төрийн “ХУРДАН” үйлчилгээ нэвтэрлээ.
Энэ бол төр иргэндээ очиж үйлчилж байгаа зөв шийдэл. Түгжрэл, төвлөрөл, хүнд суртал, зардал чирэгдэл буурах, хаанаас ч ойрхон, хурдан шуурхай төрийн үйлчилгээ авах бодит шийдэл.
Цаашид Сүхбаатар, Сонгинохайрхан болон нийслэлийн бусад дүүргүүдэд нэвтрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна.
Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар ажиллаж байна” гэлээ.
Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой бөгөөд 37,736 өрх, 136,280 гаруй иргэн оршин суудаг, хүн амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд 6-р байр ордог.
Чингэлтэй дүүргийн иргэд өмнө нь Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээнээс төрийн үйлчилгээг авахын тулд ойролцоогоор 8 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн өөрт хамгийн ойр байрлах хорооныхоо байрнаас харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдлээ.
Хороо бүрт байрлах “ХУРДАН” цэгээс иргэд:
-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-иргэний үнэмлэхийн лавлагаа,
-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл,
-жолоочийн лавлагаа, мэдээлэл,
-эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах,
-жолоодох эрхийн оноо,
-шинжилгээний хариу авах,
-зээлийн мэдээллийн лавлагаа,
-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,
-хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
-иргэний үнэмлэх дахин авах,
-ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.