Өнөөдөр /2024.04.04/ Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбогдуулан хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “Дашваанжил” компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан осолтой холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсэг “Дашваанжил” ХХК-ийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалт хийсэн.
“Дашваанжил” ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хэрэглэгчдэд хүргэдэг.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн:
-Хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй,
-Цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй,
-Хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.
518 ажилтантай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан.
Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг.
Эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь зайлшгүй ажлын байрандаа эрсдэлийн үнэлгээг хийх ёстой байдаг. Гэвч ажил олгогчийн үүргээ биелээгүй зөрчил илэрлээ.
Тухайн компанид аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илэрсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар болон түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр заавал даатгуулах ёстой байдаг. Гэвч энэхүү даатгалыг хийлгээгүй зөрчил илэрсэн.
Мөн тухайн компанид дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар илэрсэн зөрчил:
-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй,
-Ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй,
-Ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил илэрсэн.
Шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган ААН, байгууллага болон ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хяналт тавьдаг. 2023 онд 4,100 объектод төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн.
Энэ хүрээнд 8,600 гаруй ажилтны амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын эрхийг хангаж ажилласан.
Энэ онд үүсээд буй нөхцөл байдал үйлдвэрлэлийн ослын тоон мэдээнд үндэслэж, байцаагч нар хяналт шалгалт хийж байгаа”гэлээ.