ОБЕГ: Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, амь насаа алдлаа.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Өнөөдөр 10:28 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэн. Гурван давхар барилга галд өртсөн.

Галын тархалтыг 12:40 цагт зогсоосон. Нийслэлийн аврах долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. 15:00 цагт галыг бүрэн унтраасан.

Энэ галд онцгой байдлын нэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Одоо хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж байна.

Гал гарсан объектын дээд талын давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан байна. Нэг, хоёрдугаар давхрыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Тэнд шатамхай зүйл хадгалагдаж байсан гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа. Алба хаагчдын хувьд хөдөлмөр хамгаалал, хувцас хэрэглэл дутагдалтай зүйл байгаагүй.

Амь нас эрсэдсэн алба хаагчийн үхлийн шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна.

Нас барсан албан хаагч онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Ам бүл зургуулаа бага насны таван хүүхэдтэй албан хаагч байсан”гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …