Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхад хяналт тавьж ажиллаагүй зарим сумын Засаг дарга нарт хариуцлага тооцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн  эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь нас нь хохирсон явдал гарсаар байгааг анхааруулж, олон улсын гэрээ, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт жил бүр хүргүүлж ирсэн.

2024 он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан.

Иймээс хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний Шаардлагыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ховд аймгийн Э.Болормаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлсэн юм.

Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай албан тайлбарыг дээрх аймгуудаас Комисст ирүүлээд байна.

Тодруулбал,

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөрт Харьяалах нутаг дэвсгэрт хууль тогтоомжид хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул 2024 оны Б/17 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  2. Улмаар мөрдөн чиг үүрэгтэй байгууллагаас дээрх хурдан морины уралдаантай холбоотой зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зөрчил щалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч Э-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай.
  3. Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Ө.Мөнхбатад төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
  4. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тухай тайлбарыг тус тус ирүүллээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …