ЦХХХЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт үргэлжилж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсийн хэмжээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөг баруун бүсийн дөрөв дэх аймагтаа зохион байгуулагдлаа.
“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.
Тэрбээр цахимжилтыг орон нутагт эрчимжүүлэхэд салбар яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцолж байна.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах зорилготой” хэмээн тодотголоо.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Увс аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч байна.
Түүнчлэн ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.