Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдэлж байгаад суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ажлын хэсэг зөвлөлдсөнөөр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эмнести интернешнл олон улсын байгууллага, Засгийн газрын харьяа ЦЕГ, ТЕГ-ын төлөөллүүд хамтран ажиллахаар боллоо.
Ажлын хэсгийн үндсэн зорилго нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулаад гурван шатны шүүхээс ял шийтгэл аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болж байна.
Өмнө нь эдгээр иргэдийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нар өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбогдуулаад холбогдох ажлыг хийсэн байна.
Харамсалтай нь, нөхөн төлбөрийн ажил удаашралтай байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна.
Монгол Улсын иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг баталгаатай эдлэх суурь эрхтэй. Эдгээр баталгааг төрөөс Үндсэн хууль, бусад хуулиар олгосон. Үүнд багтсан нэг үндсэн эрх нь эрүүдэн шүүлтээс ангид байх болон хэрцгийгээр хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Монгол Улсын Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн болон эрүү шүүлтийг тулгасантай холбоотойгоор Засгийн газраас тодорхой ажлыг хийхээр олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болж байна. Тэр дундаа НҮБ-ын хүний эрхийн хороо, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг асуудлыг судалж, уг хоёр иргэнтэй биечилсэн уулзалтыг хийнэ. Мөн цаашид олон улсын экспертүүд болон бусад олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.”гэв.