Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв 2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж 96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.