“Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ой тохиож байна

Хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төв үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2024.04.20/ боллоо.
Баярын хуралд “Өнөр бүл” хүүхдийн төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцож хүүхэд багачуудтайгаа хамт 50 жилийн ойгоо тэмдэглэлээ.

Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн Анхны захирал Н.Болд, анхны төгсөгч Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, эх баригч Б.Буянаа, Монгол Улсын Ардын багш Ж. Дүгэр, Гавьяат багш Т.Наранцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Асралт хайрын өргөө” НҮТББ-ын тэргүүн Л.Нинжжамц нар оролцож тус төвийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.

 “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг 50 жилийн хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бид “Өнөр бүл” хэмээх нэрээр овоглогдон эцэг, эх үрийн сэтгэлээр бие биедээ ээнэгшин дасаж бахархам түүх,  хайр энэрлийн гайхалтай дурсамжуудыг хамтдаа бүтээлцсээр хагас зууны босгон дээр ирээд байна.

Анх байгуулагдаж байсан үеэс хойш нийгэм цаг үе өөрчлөгдөн хувьсахын  хэрээр манай байгууллагын өнгө төрх, үйлчилгээ багш ажилчдын  амьдрах урам зориг, хүүхдүүдийн маань нүдний гал өдрөөс өдөрт гэрэлтэй болж байна. Учир нь бид хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд батлагдан гарсан бүхий л хууль, дүрэм журам тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэн  ажиллаж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулсаар байна.

Бид улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын захирамжаар төрөөс зайлшгүй асрамж халамж хамгааллын үйлчилгээ шаардлагатай байгаа 2-18 насны хүүхдүүдийг хүлээн авч хүүхэд асрах үйлчилгээний MNS 5852:2017 стандартын дагуу гэр бүлд түшиглэн өөрөө өөртөө үйлчлэх, бие даан амьдрах ухааны чадвар дадалд сурган хүмүүжүүлсээр байна.

Хүүхдэд хайртай халуун сэтгэлтэй чадварлаг боловсон хүчин манай хамт олон дунд бүрэлдэж Монголын хамгийн том өрх айлыг авч явахад хамтран зүтгэж байна”гэдгийг онцлон хэлсэн юм.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвийн хамт олон 2000 гаруй хүүхдийг асран хамгаалж, амьдрах арга ухаанд зааж сурган, амьдралын их замд хөл тавиулжээ.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өнөөдрийн байдлаар 2-18 насны 150 гаруй хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд  тус төвийн 60 гаруй хүүхэд их дээд сургуульд, 70 гаруй хүүхэд коллеж мэргэжлийн боловсролын байгууллагуудад суралцаж үргэлжлүүлэн эх орондоо болон гадаадад боловсрол эзэмшин суралцаж байгааг дуулгахад таатай байна.


Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …