Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.
Улсын бүртгэлийн байгууллага иргэн таныг өөрийн оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд иргэн та www.check.burtgel.gov.mn холбоосоор нэвтэрч өөрийн хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг нягтлан шалгана уу.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ МЭДЭГДЭХ” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой.
Иргэн та мэдээллээ шалгах явцдаа өөрийн аль нэг мэдээллийг буруу бичсэн тохиолдолд “АЛДАА: ӨГӨГДӨЛ ОЛДСОНГҮЙ” гэсэн бичвэр гарч ирнэ. Ийм тохиолдолд та хувийн мэдээллээ буруу оруулсан байх магадлалтай тул, үнэн зөв оруулсан эсэхээ шалгаж дахин нэвтрэхийг анхааруулъя.