Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байна.
Хоёрдугаарт; Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ чиглэлийн ажлууд хийгдэхээр байна.
Гуравдугаарт; Онцгой байдлын байгууллагын салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор одоо байгаа эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг танилцууллаа.
Үе үеийн Засгийн газар шаардлагатай төсвийг нэмэгдүүлж, бүтэц орон тоог нэмсэн ч байх ёстойгоосоо 60 хувь дутуу явж байна. Энэ бүх бүтэц төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд боловсруулагдаж хийгдсэн учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим орон тоо, төсвийг нэмэгдүүлэх, төсөвт зохицуулалт хийх асуудлыг Сангийн сайдад үүрэг чиглэл өгсөн.
Эхний 25 тэрбум төгрөгөөр гал унтраах дрон, робот, шаардлагатай тоног төхөөрөмж, гал унтраах, авран хамгаалагчдын хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэхэд ашиглана. Жил бүр шинэчлэгдэж байдаг хувцас хэрэглэлийн чанар, стандарт аюулгүй байдлын шаардлагад нийцүүлсэн байдлаар хийнэ. Энэ долоо хоногоос эхлээд нийлүүлэлт хийгдэнэ” гэлээ.