Бэлэн гоймон худалдаалдаг газруудыг шалгаж, зарим нэр, төрлийн гоймонг ШИНЖИЛГЭЭНД хүргүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа.

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Мөн нэр бүхий 8 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …