Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 23, 24-нд болж, 350 гаруй бизнес эрхлэгч туршлагаа хуваалцан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, “Органик шошго” -той бүтээгдэхүүнүүдээ таниулан сурталчиллаа.
Тус аймаг 2023 онд 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн, сүүлийн нэг жилд малчин өрх 300-аар нэмэгдэн 19500-д хүрсэн, нийт 33000 гаруй малчин 6 хошуу мал маллан амьдарч байгаа, ХАА-н үйлдвэрлэл голлосон, уул уурхайн үйлдвэргүй гээд онцлогтой аймаг.
Хөвсгөл аймаг жилдээ хөдөө аж ахуйн гаралтай 422 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зөвхөн мах нийлүүлэлтээр 1.8 сая 240 тэрбум төгрөгийн орлого олж байна. Органик хүнс үйлдвэрлэлээ өргөжүүлж, ОУ-ын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгаагаа үйлдвэрлэгчид зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Аймгийн Засаг дарга П.Лхагважав “Хөвсгөл Органик” зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ… “Органик Хөвсгөл”, “Рэнчинлхүмбэ Органик” хамтын баталгаажуулалтын байгууллага бий болж “Шишгэд цай”, “Дархад цай”, “Байгалийн нэрс”, “Аньс”, “Цөцгий” зэрэг 15 бүтээгдэхүүнийг баталгаажууллаа. Цаашид энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд зөв гарц, гаргалаа, хамтын шийдвэр чухал” гээд зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллахаа мэдэгдсэн.
Улсын хэмжээнд “Органик шошго” авсан 700 гаруй бүтээгдэхүүн байгаагийн ихэнх нь Улаанбаатар хотынх. Аймгуудаас Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид санаачилгатай ажиллаж “Органик шошиг” болзлыг сайн хангаж байна. Одоогоор 20 шахам бүтээгдэхүүн болзлоо хангаад байна” гэж хянан баталгаажуулалтын “SS” компанийн баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг ярилаа.
Цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”ийн хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын хөгжлийг чиглүүлж, хүнсний ногоо, мах боловсруулах үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлыг байрыг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд танилцууллаа.
О.ОНОН: ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХУДАЛДАН АВАЛТААР ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ
ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон: 2016 оноос хэрэгжиж байгаа “Органик хүнсний тухай хууль”, бусад тушаал шийдвэрүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохицуулалтууд нарийн тусгагдсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард дээрх хуулийг шинэчлэн баталсан. 2025 оноос хэрэгжинэ. Үүнд: Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан.
2023 онд Хөвсгөл аймгийн 60 гаруй ААН 8,8 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2024 онд үргэлжилнэ. Органик гэдэг нь зөвхөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулга дээр яригдах зүйл биш. Байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалах, хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэлийн чиглэл, хэрэглээний гол хандлага болж байна. Энэ үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих, хэрэглэгчдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх тал дээр давхар анхаарч, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна.
Я.ЭРХЭМБАЯР: ХӨВСГӨЛ АЙМАГТ ОРГАНИК БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙДЭГ ГУРВАН КОМПАНИ БИЙ
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр: Хөвсгөл аймаг аялал жуулчлалын эко бүс нутаг учраас бүтээгдэхүүн нь эрүүл чанартай байх ёстой. Бидний хэрэглэгчдэд баталгаатай хүнс нийлүүлэх хамгийн том суурь нь энэ. Одоогоор органик баталгаажуулалтыг хийх эрх авсан гурван компани бий. Цаашид Хөвсгөл аймгийн олон ААН, компаниуд авахаар зорьж ажиллаж байна.
Тухайлбал “Цагаан уул” үүлдрийн хонины органик махны баталгаажуулалтыг хийлээ. “Хөх сувд” жимсний цех бүтээгдэхүүнүүддээ баталгаажуулалт хийлгээд, дотоодын зах зээлд өргөнөөр худалдаалж байна. Мөн ноолууран бүтээгдэхүүн дээр органик баталгаажуулалтыг хийгээд байна. Мөшгөн мөрдөх тогтолцоогоор QR код уншуулж Доржийнхоос гарсан ноолуураар сүлжсэн органик бүтээгдэхүүн мөн байна гэдгийг баталгаажуулж байгаа гэж ойлгож болно.
Ренчинлхүмбэ суманд гэхэд баталгаажуулалтын зургаан баг ажиллаж байна. Эдгээр баг “Дархад”, “Шишгэт” цайнд хамтын баталгаажуулалт хийгээд хөндлөнгийн баталгаажуулалт буюу мэргэжлийн байгууллагаар органик болохоо батлуулна. Ийм байдлаар олон найдвартай органик бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр хамтдаа зорьж ажиллаж байна.
Б.ПҮРЭВТУЯА:ТАВАН ЦУЛЫН БЭЛЭН ХООЛ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА
“Дэлгэрэх шимт” хөрс хоршооны гишүүн Б.ПҮРЭВТУЯА: Манай хоршоо бүх төрлийн нарийн, бүдүүн ногооны тариалалт эрхэлдэг 20 гаруй гишүүнтэй. Би таван жилийн өмнө хоршоондоо гишүүнээр элсэж орсон. Энэ хугацаандаа 10 гаруй төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нарийн ногооны өвөл зуны хүлэмжийн тариалалт эрхэлдэг боллоо. Цагаан манжингийн хачир, хүрэн манжингийн тосон дармал, гишүүгэний чанамал, таван цулын бэлэн хоол, хүч тамирын шөл гэх зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдээрээ энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Таван цулын бэлэн хоол эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж байна. Будаатай, гурилтай гэх сонголттой. Ядаргаа тайлдаг шим тэжээл өндөртэй сайхан хоол болдог.
Бид бүтээгдэхүүнийхээ органик чанар стандартыг хангахын тулд мэргэжлийн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас сургалт зөвлөгөө авч ажилладаг.
“SS” Компанийн баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг: Хүнсний үйлдвэр, худалдааны салбарын бүтээгдэхүүн органик байхын тулд анхан шатнаасаа буюу түүхий эдээсээ эхлээд химийн найрлагагүй байгалийн гаралтай байх хэрэгцээ үүсэж байна. Үүнийг малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид бүгд мэддэг байх нь чухал. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн органик гэсэн шошготой худалдаанд нэвтрэх боломжтой.
Органик хүнс, үйлдвэрлэл ярьж эхэлсэн сүүлийн 10 орчим жилд бид анхдагч түүхий эдийн талаар нэлээн ярьж ойлголттой болсон. Одоо үйлдвэрлэлийн шатанд ярьж зөвлөн тусалж мэргэжлийн байгууллагууд оролцож байна. Малчдаас эхлээд үйлдвэрлэгчид хүртэл бүтээгдэхүүнээ органик болгохыг бүгд хүсч байна.
Хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох дундын худалдааны байгууллагууд органик хүнсний ач тусыг мэддэг, худалдан авагчдад таниулах хэрэгцээ байна. Ингэвэл хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалж чадна. Мөн органик бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа үйлдвэрлэгчид гаднын орны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргачлалтай танилцаж, үйлдвэрлэлийн явцаас үзэж өөрийн орон нутагтаа нутагшуулах боломжууд бий.