Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан ёсоор нээгдлээ.
Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш, доктор профессор Н.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарү, Япон улсын Каназава Их сургуулийн захирал Такаши Вада, дэд захирал Ёшихито Хаяаши болон бусад албаныхан оролцлоо.
Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар нь анагаах ухаан, эм зүй, нийгмийн эрүүл мэндийн салбараас гадна байгаль, нийгэм, техникийн чиглэлээр Монгол Улсын Төрийн өмчийн Их сургуулиудтай хамтран эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гүүр болох юм.
Энэ үеэр АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж “Япон Улсын Каназава Их сургуультай Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байна. 9 жил хамтран ажилласны үндсэн дээр Каназава Их сургууль Төлөөлөгчийн газраа манай сургуульд нээж байна.
Төлөөлөгчийн газар байгуулагдсанаар бакалаврын болон ахисан түвшний магистр, докторын сургалтанд хамрагдаж буй оюутнууд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэх, сургалт, семинарыг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хоёр сургуулийн эмнэлгүүдийг түшиглэж эмнэлэг хоорондын судалгаа, эрдэм шинжилгээ, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулна”гэлээ.
Япон улсын Каназава Их сургуулийн захирал Такаши Вада: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Бид эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажилладаг. Манай сургууль 1962 онд байгуулагдсан 62 жилийн түүхтэй сургууль юм.
Манай сургуулийн хувьд олон гадаад сургуультай хамтран ажилладаг. Монгол Улстай хамтын ажиллагааг эхлүүлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ололт, амжилтыг авчирна гэж найдаж байна.