ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Хуулийн зөвлөх Б.Эрдэнэбилэгтэй хүний эрхийн хандлагад суурилсан үйлчилгээг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлэх, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн зөвлөгөө мэдээллийг түгээх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдөрт 1100 орчим, амралтын өдрөөр 800 орчим автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд иргэдэд ээлтэй нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох, тус салбарт ажиллаж буй ажилтнуудын харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай дохиоллын системийг ашиглалтад оруулах, нийтийн тээврийн төлбөр тооцооны системд шинэчлэл хийж, арилжааны бүх банкны карт, QR код унших систем, зорчигч тоолох ухаалаг системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нийтийн тээврээр Улаанбаатар хотын нийт хүн амын дийлэнх хувь үйлчлүүлдэг. Тэр утгаараа хүнд ээлтэй орчин бүрдүүлсэн, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээтэй байх ёстойг дурдаад нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ээлтэй үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн нийтийн тээврийн салбарт шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчилгээний чиглэл өөрчлөгдөх зэрэг тогтсон үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэдэд мэдээ, мэдээллийг олон сувгаар, өргөн хүрээтэй түгээх нь зүйтэй гэлээ.
Уулзалтаар талууд хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих, нийтийн тээврийн үйлчилгээнд хүний эрхэд суурилсан харилцаа, хандлага нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохирлоо.