Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын эмч мэргэжилтнүүд манай улсад суралцаж эхэллээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаатай УНТЭ дээр амжилттай суралцлаа.

Эмч нарын бүрэлдэхүүнд ОХУ-ын Красноярск мужийн эмнэлгийн эмч нар болох Соболев Павел, Цокаев Муслим, Скуратов Алексей, Потылицина Екатерина нар багтаж байна. ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. Улмаар амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр УНТЭ-ийн хурлын танхимд болов.

Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гаднын эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил бид Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулсан. Тэр үеэр статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гаднын эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Цаашид хамтын ажиллагаа маань улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд сургалтад хамрагдсан 4 эмчид сертификатыг нь гардуулан өгсөн юм.

Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Красноярскийн эмнэлэгт хүрэлцэн ирэхийг урьсан юм. Энэ удаагийн олон улсын сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гаднын эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гаднын улс орны олон эмч мэргэжилтэнг эх орондоо сургаж туршлага хуваалцах юм. Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд удахгүй сургалтыг зохион байгуулах юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн:Бодлогын хүүг 1 нэгжээр бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн …