Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Орхон аймагт боллоо.
Орхон аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, засаг захиргааны нэгжийн төлөөлөл 400 гаруй хүнийг хамруулсан уг сургалтын зорилго нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулж, мэдээлэл өгөх юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн хандлага, оролцоо, туршлага чухал болохыг онцолсон.
Эрүүл мэндийн салбарын цахимжилтаар эмийн жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний хариуг иргэд И-Монголиа платформоор дамжлуулан авах боломж бүрдсэнийг мэргэжилтнүүд танилцууллаа.