Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 3342 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 2056 хүний амь насыг авран хамгааллаа.
Мөн тэрбээр олон улс болон улсын чанартай спортын тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцдог тамирчин аврагч юм.
Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д 2011, 2013, 2017 онд Онцгой байдлын албаны тасгийн даргаар оролцож мөнгөн медаль хүртсэн.
Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2014 онд үүрэг гүйцэтгэх хугацаандаа 16 улсын 3000 гаруй цэргүүдийн дунд зохион байгуулагдсан цэргийн бүх нийтийн 10 км гүйлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, тэргүүн байрт шалгарч, улмаар Монгол Улсын баталионы шилдэг ахлагчаар шалгарсан юм.
Түүнчлэн 2002 оноос хойш тасралтгүй улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медалийг тус тус хүртэж, 2018 онд гүйлтийн спортын ОУХМ цол хүртсэн амжилтыг тус тус үзүүлээд байна.