Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон.
“И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим ур чадварын аян”-ыг зохион байгуулж байгаа билээ.
Тус аяны хүрээнд Нийслэлийн Боловсролын газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн цахим ур чадварын сургалтыг 5-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний статистикийн хороо хамтран Монгол улсын өрхийн МХХТ-ийн тоног төхөөрөмжийн байдал, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээг тооцох зорилгоор 2021 онд улсын хэмжээнд түүвэр судалгаа хийсэн. Уг судалгаагаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8 хувьтай гарсан бөгөөд иргэд цахим орчинд мэдээлэл эрж хайх, олох, хадгалж авах, боловсруулах, цахим орчинд хүлээн авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах, цахим аюулгүй байдлыг хангах чадвар сул байгааг тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах, иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх, мэдээллийн технологийг зохистой, аюулгүй ашиглах мэдлэг боловсролыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байна. Тиймээс “Цахим ур чадварын аян”-д идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм.
Тус сургалтаар “Цахим иргэн” гэж хэн болох, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халдлагын төрлүүд, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, мэдээллийг олгож байна.