Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн.
Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээн авах юм.
Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн автомашиныг баруун бүсийн аймгууд болох ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, УВС, ЗАВХАН аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Энэхүү түргэн тусламжийн автомашин нь яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтын аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч гэх мэт 22 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
БНПУ-ын нөхцөлт зээлийн дагуу нийт 33 түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан бөгөөд Улаанбаатар хотын төв эмнэлгүүд болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилах юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн машины парк шинэчлэл болон эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Элчин сайдын яамны хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс дахин гүн талархал илэрхийлж байна.