“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.

Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал; Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдөр үргэлжлэх  бөгөөд маргааш Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судална.

 

Санал болгох мэдээ

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” …