“Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөг боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Creative Kids Hub Mongoliа”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан,  НЗДТГ хамтран “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

“Kids Art Festival-2024” өдөрлөг нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Дүрслэх урлагийн өдөрлөгийн нээлтэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ш.Чинбат, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа нар оролцож, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэв.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир өдөрлөгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн улс орнууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Дэлхийн хүүхдүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол манай улс “Хүүхдийн эрхийг дээдэлье” уриан дор “Дэлхийн Монгол хүүхдүүд” нэртэйгээр зохион байгуулж байна.

Монгол Улсын төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн томоохон шинэчлэлийг хийсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд залуучуудыг хөгжих, суралцах таатай орчин нөхцөлөөр хангах зорилтын дагуу тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр заасан.

Тиймээс бид “Олон улсын гэр бүлийн өдөр”, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдийг тохиолдуулан гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэртээ эрт харья” нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.

Эх орны баясгалант ирээдүй болсон энхрий бяцхан үрсүүд минь инээд хөөрөөр бялхан, эрүүл энх өсөн торниж, ирээдүйн их үйлсийн эзэн, эх орны минь түүчээ байхын ерөөл өргөж, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”гэлээ.

Дүрслэх урлагийн өдөрлөгийн нээлтийн үеэр олон улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож НЭГ, ХОЁР, ГУРАВДУГААР байранд шалгарсан нийт 56 хүүхдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа “Энд хүрэлцэн ирсэн энхрий бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсынхаа нэрийг урлаг, спортын амжилтаараа дэлхийн тавцанд цуурайтуулж, шагнал хүртэж байгаа хүүхдүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.

Хүүхдийн төлөө сангаас шагнал авсан хүүхдүүд маань жилийн жилд амжилтаа ахиулдаг. Монгол Улсын 1,2 сая хүүхдийг төлөөлж, шагнал авсан та бүхэндээ дараа дараагийн олон шагналын эзэд болоорой гэж хүсэн ерөөе. Монгол Улсын нийт хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

“Kids Art Festival-2024”-дүрслэх урлагийн өдөрлөгийн фото

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашиныг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны …