Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ирсэн.
Ялангуяа хөдөөгийн эмнэлгүүд, тэр дундаа сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж буй юм.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн эмнэлгүүд багийн ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ ашиглах шинэхэн автомашинаа өчигдөр /2024-06-03/ хүлээж авчээ.
Эрүүл мэндийн сайдын багцаас хөрөнгийг нь шийдвэрлэсэн өрхийн ЭМТ-ийг унаатай болгох төслийг “Будума” ХХК гүйцэтгэж “Приус” маркийн машинуудыг нийлүүлснийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар хүлээлгэн өгсөн байна.
Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй түргэн хүргэхэд нэн шаардлагатай байсан автомашинтай болсон эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад хандаж аймгийн удирдлагууд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, салбарын бодлого, тэр дундаа урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг захив.