НЗДТГ, БОАЖЯ болон “Жайка” олон улсын байгууллага хамтран 2010 оноос эхлэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн эхний үе шат 2010-2013 онд хэрэгжсэн бол II үе шат 2013-2017 онд хэрэгжсэн юм. Харин төслийн III үе шат 2018 оноос эхэлсэн бөгөөд энэ оны долоодугаар сард дуусна.
Өнөөдөр тус төслийн III үе шатны хаалтын хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шиничи Танака тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.
Хуралдааны эхэнд “Жайка” олон улсын байгууллагын төслийн багийн дарга Торү Табата “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн III үе шатны тайланг танилцууллаа.
Тэрбээр “Төслийн III үе шатны хэрэгжих хугацаанд тээврийн хэрэгсэлд утааны хий хэмжилтийн иж бүрэн хоёр хэрэгслийг суурилуулсан. Ингэснээр тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны бодит байдлыг тодорхойлох боломжтой болсон. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшийг илүү сайжруулах шаардлагатай. Энэ хүрээнд биомасс хольцтой түлшний байгаль орчны нөлөөлөл, биомассын нийлүүлэлт, үйлдвэрлэлтийг өртөг зэрэг техникийн үзүүлэлтийг нэгтгэж, цаашид уг түлшийг нэвтрүүлэх судалгааг эхлүүлэн, гарын авлага боловсруулсан” гэв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Төслийн хүрээнд агаарын бохирдлын эх үүсвэрүүдэд судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг боловсруулан ажиллаж байна. 2018 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа бөгөөд агаарын бохирдлын PM тоосонцор 60 хувиар буурсан. Гэвч бидний хэрэглэж байгаа түлш хүхэрлэг чанар ихтэй учраас биомассыг шахмал түлштэйгээ холивол үр дүн өндөр байгааг судалгаагаар тогтоосон” хэмээлээ.