Эрүүл мэндийн яам Голомт банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн яам санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банктай эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулав.

УИХ-ын гишүүн,  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд Голомт банк эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтанд зориулсан анхны “Эмч” цалингийн картыг шинээр нэвтрүүлж буй юм.
Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад банкнаас хамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой бөгөөд эдгээр цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эмч, ажилтнуудад бодит дэмжлэг болох давуу талтай.
Банкнаас үзүүлэх хөнгөлөлттэй нөхцөлтэй цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг эмч, эмнэлгийн ажилтнууд Голомт банкны өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой   юм байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ард түмний эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад банкны үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх санаачилга гаргасан Голомт банкныханд талархал илэрхийлж, хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар тус банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, дэмжин ажилласаар ирснээ тодотгоод цаашид ч эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллаж, эмч, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

 

Санал болгох мэдээ

Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаалаа

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. …