Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур+12-оос +16 хэм бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн хур тунадасны долоодугаар сарын олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж төв болон зүүн аймгуудад орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ерөнхий инженер  Б.Жаргалан хэлж байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний нөхцөл байдлын танилцуулга мэдээллийг өгөв.

Танилцуулгад, Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км  үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссаныг дурджээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ.

Мөн өнөөдрийн хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.

Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий НОК-ийн шуурхай штаб байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах;
  • Үерийн ус буудаг жалга сайр, гол горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зөрчлийг яаралтай арилгуулах;
  • Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулах;
  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүн шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн юм.

 

Санал болгох мэдээ

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт 50 хувьтай үргэлжилж байна

Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын явцтай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар …