“Хүслийн хайрцаг”-т санал, хүсэлт, мөрөөдлөө бичиж, үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Ерөнхий сайдад уламжиллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” гүйлтийг 06 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан.

Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн санал, хүсэл мөрөөдлийг сонсох “Хүслийн хайрцаг” ажиллуулахад оролцогч хүүхдүүдээс нийт 79 хүүхэд өөрсдийн санал, хүсэл, мөрөөдлөө бичиж үлдээлээ.

“Хүслийн хайрцаг”-т хүслээ ирүүлсэн хүүхдүүд “Улсын, хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарч ерөнхий боловсролын бүх сургуулиуд үнэ төлбөргүй болоосой”, “Ерөнхий боловсролын бүх сургуулийн 1 дүгээр ангиас англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болох”, “Ялгаварлан гадуурхаж, гадаад үзэмж, төрхөөр нь дээрэлхдэггүй байгаасай”, “Сурган хүмүүжүүлэгч, багш нь сурагчдаа ялгаж харьдаггүй байгаасай”, “Авто замын түгжрэлийг бууруулна уу”, “Эх дэлхийдээ хог битгий хаяач”, “Гэр бүлийнхэнтэйгээ хамт утаа, угааргүй Монгол Улсад амьдармаар байна”, “Бага, дунд ангийн сурагчдын үдийн цайг чанаржуулах”, “Ахлах ангийн хүүхдүүдэд ч үдийн хоол өгмөөр байна” гэх мэтчилэн өөрийн хүсэл мөрөөдөл, санал хүсэлтээ бичиж үлджээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүслийн хайрцаг”-т хүслээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлээд байна.

Санал болгох мэдээ

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар …