Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар тогтворжино. Харин маргаашаас агаарын температур +22 хэмээс +25 хэм хүрч дулаарна. Тиймээс өчигдөр орсон уулын цас хайлж, уруйн үер буух эрсдэлтэй байна.

Өчигдрийн тухайд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсон. Тодруулбал, 12 цагийн хугацаанд 31 мм буюу түүнээс их хэмжээний бороо орж, аюулт хэмжээнд хүрсэн. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн үерийн нөхцөл байдалтай ижил хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд голын ай сав, голдирлыг цэвэрлэх, суваг шуудууг хүчитгэх ажил хийгдсэн тул голын түвшин харьцангуй аюул багатай өнгөрлөө” гэлээ.

Мөн ЦУОШГ-ын Усны хэлтсээс гаргасан мэдээгээр Тэрэлж гол өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар үерийн хэмжээг 105 см-ээр, Туул гол хамгийн ихдээ 106 см давсан байдалтай байна. Маргаашаас эхлэн агаарын температур дулаарахаар голуудын түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцлов.

Түүнчлэн энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ нь дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Өмнөх жилүүдэд 24-48 цагийн хугацаанд зөөлөн шиврээ бороо ордог байсан бол өдгөө 2-3 цагийн хооронд 30-40 мм дуу, цахилгаантай аадар орж, газрын хөрс шингээж чадахгүйгээс үүдэн үерийн нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг тодотгож байлаа.

 

Санал болгох мэдээ

АТГ:“Өргөө” амаржих газрын төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний …