Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүү нар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар энэ сарын 26-ны өдөр уулзаж санал солилцлоо.
Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлснээр 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 37 дугаар тогтоол батлагдсан.
Тус тогтоолд дараах асуудлыг тусгасан. Үүнд:
Улсын хэмжээнд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдийн бүртгэлийг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналтын механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх.
Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт хэрэгжүүлэхийг даалгасан.
Уулзалтаар УИХ-ын дээрх тогтоолын хэрэгжүүлэх, тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд мэдээлэл хуваалцлаа.
Тухайлбал;
Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурч, харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна.
Тиймээс УИХ-ын 37 дугаар тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн дараах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг Комиссын гишүүн Ж.Хунан уулзалтыг эхэнд цохон тэмдэглэлээ.
Үүнд:
Төрийн холбогдох байгууллагууд хагас болон бүтэн өнчин хүүхэдтэй холбоотой албан ёсны статистик мэдээ, бүртгэл, тайлан мэдээг дутуу гаргадаг, зарим мэдээллийг огт гаргадаггүй, өөр өөр шалгуур, маягт, программ ашигладаг зэргээс шалтгаалж улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээллийг бүрэн гаргахад хүндрэлтэй байна.
Тиймээс эдгээр хүүхдийн асуудлаар тусгайлсан бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хүүхдийн асрамж халамжийн төвийг төрөлжүүлэх, шүүхээс эцэг, эх байх эрхийг хассан, хязгаарлаж буй шийдвэрт хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, өмч хөрөнгө, эрүүл мэнд, боловсролын асуудал зэргийг бүрэн хэмжээнд шийдвэрлэж, хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэлээ.
Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж заасан боловч бодит байдал дээр бүтэн өнчин хүүхдийг түүний төрөл садан эсхүл асрамж халамжийн төвд шилжүүлж байгаагаас үл хамааран Засаг дарга, шүүхийн захирамжид эцэг, эхээс хүүхдэд өвлөгдөн үлдэж байгаа өмч, эдийн болон эдийн бус хөрөнгийн асуудлыг тусган шийдвэрлэх явдал хангалтгүй байна.
Өөрөөр хэлбэл, өнчин хүүхдийн нэр дээр өмч, хөрөнгө, өвлөгдөх эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, тогтоогдсон тохиолдолд хэн, хэдий хугацаанд, ямар журмын дагуу хамгаалах зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Комиссын захиалгаар хийгдсэн “Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт” судалгаанд асрамж халамжийн төвд шилжин амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдээс эд хөрөнгийн талаар тодруулж асуухад 12-18 насны 90 хүүхдийн 73 хувь нь мэдэхгүй, 16 хувь нь эд хөрөнгө байхгүй, 11 хувь нь ямар нэгэн эд хөрөнгө байгаа гэж хариулсан гэдгийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн бүтэн өнчин хүүхдийн тодорхойлолтод багтаж байгаа хүүхэд бүрд асрамж халамжийн төвд байгаа эсэхээс үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлолтод заасан нөхцөл байдал үүссэн өдрөөс эхлэн тооцон олгох, төрөөс олгож буй тэтгэвэр, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй цогц байдлаар үзүүлэх, хүүхэд үрчлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах цаашлаад байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцын хөнгөлөлт болон сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг бодитой тооцож, хэрэгцээнд нь тулгуурлаж тогтоох шаардлагатайг тодотгов.
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдлаас үүдэн өрхийн амьжиргааны түвшин буурах, хөгжих, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангагдах, орон сууцаар хангагдах эрхийн зөрчлийг үүсгэж байна.
Ялангуяа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийн хувьд санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад өртөх зэргээс ядуу болон бага орлоготой өрхийн ангилалд шилжиж байгаа тул хүүхдийн хэрэгцээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.
Уналт таталтын эсрэг болон эмийн жагсаалтад багтсан эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт түгээх, даатгалд бүрэн хамруулах, гадаад улсад эмчлүүлж эх орондоо ирсэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиж өгсөн эм Монгол Улсад бүртгэлгүй бол яаралтай горимоор бүртгэлжүүлж, даатгалд хамруулдаг зохицуулалт хийх шаардлагатайг байгаа, дээрх асуудалд хүүхэд хамгааллын чиг үүрэг хүлээдэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой байна гэлээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг дүүрэг, аймаг, сум бүрд ажиллах зохицуулалт тусгагдсан талаар танилцуулав.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Комиссоос зохион байгуулах мониторинг, дүн шинжилгээ хийх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, унаач хүүхэд, уяачдын нэгдсэн бүртгэл хийхэд албан хаагчдын ачаалал нэмэгддэг. Зарим тохиолдолд 7 нас хүрээгүй хүүхдээр морь унуулах, унаач хүүхдээ бүртгүүлэхгүй гэх гомдол, саналыг уяачид гаргадаг. Энэ тохиолдолд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах нь тэргүүний зорилт гэдгийг учирлаж тайлбарладаг гэлээ.
Уулзалтаар унаач хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлж байгаа, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах үйлчилгээнд зориулагдсан эсэх асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийхээр талууд харилцан тогтож, цаашид хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамагаалах асуудлын хүрээнд хамтран ажиллахааар боллоо.