Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.
Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа.
Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна.
19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.
Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлд юм.
Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.
Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.