Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм.
Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй.
Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
- 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх,
- 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч,
- 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,
- 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга,
- 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал,
- 2023 онд ШӨХТГ-ын дарга, ONDO Holding-ийн ерөнхийлөгч,
- 2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм.
Ийнхүү 2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.