Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар илтгэн танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Баярмагнайн Баярбаатар нь 1981 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Тэрбээр 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургуулийг, 1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг төгссөн. 2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна.
Эрхзүйч мэргэжилтэй. 2003-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2006 онд Улсын Их Хурлын дэд даргын шадар туслах, 2006-2008 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах, 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт ахлах референт, 2011-2012 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан, 2016-2020 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн МАН-ын Ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Д.Энхтуяа, Д.Бум-Очир, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх хууль тогтоогчдын хувьд ёс зүйн асуудал чухал гэдгийг гишүүд онцолж байв. Ийнхүү хэлэлцээд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн Баярмагнайн Баярбаатарыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78,5 хувь нь дэмжлээ.
Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илтгэхээр тогтов.