УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монгол телевизийн шууд хөтөлбөрийн асраар зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, олон зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн монгол наадам бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг илэрхийлэхийн сацуу дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн баяр наадмын босгон дээр анхдугаар чуулганаа хуралдуулсан анхны 126 гишүүнтэй Улсын Их Хуралд нийт таван нам, эвслээс нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон нь парламентат ёсыг бэхжүүлж, улс төрийн шинэ соёлыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сурын талбайд зочилж, наадамчин олонтой мэндчилэв.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамтаар шагайн асарт саатаж, харваачдад амжилт хүсэхийн сацуу шагай харван, цэц мэргэнээ сорилоо.

 

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь …