Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвтэй хамтран ажиллах хүрээнд “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын санаачилгаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, ДББҮТ-ийг төлөөлж тус төвийн ТУЗ-ийн дарга, тэргүүн Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд УНТЭ-ийн зүгээс уран бүтээлчдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах бол ДББҮТ-ийн зүгээс УНТЭ-ийн ажилтнуудын урлаг, уран бүтээл туурвих мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дуу бичлэг хийх зэрэг соёлын үйлчилгээ үзүүлэх юм.
Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хувьд 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр УНТЭ-тэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.