Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ. Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт 24 хүн /том хүн 22, хүүхэд 2/ нас барсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд наадмын баяр амралтын өдрүүдэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амь насаа алдсан байна.
Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна.
Иймд Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
– Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;
-Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;
– Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
– Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;
– Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.