Н.Өнөрцэцэгийн эгч: Давж заалдах шатны шүүх үнэн шударгаар шийдэж өгөөсэй гэж хүсч байна

Зариг.мн сайтын эрхлэгч, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр хоног үргэлжилж шийдвэр гаргасан билээ.

Түүнийг төрийн нууц хадгалсан, бусдын алдар хүндэд халдсан, татвараас зайлсхийсэн гэсэн таван зүйл ангиар буруутган ял оноосон юм.

Тэгвэл Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгт хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Н.Өнөрцэцэгийн дүү Н.Жаргалбаяр “Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, Боловсролын зээлийн сан, ногоон автобусны хулгай яасан бэ. Тэд ял авсан уу.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр төрийн нууцтай холбоотой гэх бичиг баримтыг манай сэтгүүлчид дамжуулсан. Сэтгүүлч тэр бичгийг шүүгээндээ хийсэн байсан.

Н.Өнөрцэцэг эгчийг хоригддог орой zarig-ийн менежер тэр бичгийг бусад материалын хамт машиндаа хийсэн. Түүнээс хоёр долоо хоногийн дараа машиных нь цонх хагарчихлаа гээд өөр рүү нь залгасан. Гэтэл Н.Өнөрцэцэг эгчийн хэрэг дээр ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг мөрдөгч zarig-ийн менежерийн машины цонх хагарсан газарт хоёр хүнтэй оччихсон байсан. Ингээд машинд нь үзлэг хийгээд, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж аваад явсан. Маргааш нь Амарбаясгалан кофе ууя гэж дуудангуутаа гарын үсэг зуруулаад нөгөө бичиг баримтыг хүлээн зөвшөөрүүлсэн. Ийм л юм болсон. “Төрийн нууц гээд байгаа бичиг цэнхэр хавтас дотроос гарч ирсэн. Энэ хүний шүүгээнээс авсан” гэдгээ гэрч хэлээд байхад өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэггүй сэтгүүлчийг ялласан” гэлээ.

Н.Өнөрцэцэгийн эгч “Манай дүүг таван хэргээр шалгасан байдаг юм. Хоёр нь татвартай холбоотой. Татвартай холбоотой хэрэгт хорих зүйл анги байдаггүй юм билээ. Дараагийн хоёр хэрэг нь алдар нэр хүндэд халдсан гэх хэрэг.

Тав дахь нь төрийн нууц гээд байгаа. Н.Өнөрцэцэг нь 20 гаруй ажилчинтай, бүгдийнх нь ширээнд ямар бичиг баримт байгааг мэдэхгүй. Төрийн нууцтай холбоотой бичиг нь манай дүү Н.Өнөрцэцэгийнх биш, гэтэл хамаатуулж шууд ялласанд гомдолтой байна. Бусдыг шантаажилсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл анги байхгүй.

Төрийн нууцтай холбоотой гэдэг хэрэг нь манай дүүд хамаарахгүй.  Энэ хэргийг шалгах юм бол нотлогдох л юм билээ.

Бид Төрийн гурван өндөрлөгт хандахаас өөр арга байхгүй болоод байна. Давж заалдах шүүх хурал дээр нь үнэн шударгаар шийдэж өгөөсэй гэж хүсч байна.

Түүнээс гадна дүү минь 4,9 жил гэдгийг сонсоод шүүхийн танхимд арга ядахдаа л хэдхэн минутын бичлэг хийсэн байсан. Гэвч үүнийг нь худлаа, жүжиглэж байна гэх мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байна. Өчигдрөөс хойш дүүг минь харлуулах тролл баг ажлаад эхэлсэн байна. Тэдгээр хаягууд руу ороод хараарай. Дандаа хуурамч хаягууд байгаа. Малчин бид харахад л ойлгомжтой байна шүү дээ” гэв.

Санал болгох мэдээ

Д.Оюунбат: Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус …