“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв.
Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд,
Шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт,
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн зүгээс биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт тус тус ирүүлсэн бол шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын зүгээс мөн биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүхээс хүлээн авч шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.