Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм.
Чуулганы эхний илтгэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тогтвортой хөгжил” төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэв.
Тэрбээр илтгэлдээ, “Миний бие газрын хөрсөн дээрээ -40 хэм хүрч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн захирагчаар ажиллаж байна. Та бүхэн Улаанбаатар хотын хамгийн таатай цаг үед морилон ирээд байгааг онцолж хэлэхийг хүслээ. Зүүн Хойд Азид хотжих хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, 5-8 сая хүн амтай АНУ-ын Нью-Йорк хотын хэмжээний хотууд олноор бий болж байгаа тоо баримт байна.
Хот гэдэг бол амьд организм учраас аз жаргал, бухимдал, завтай, завгүй гэх мэт олон өнгө аяс, хэв маягаар хөгжиж ирсэн. Хөгжлийн аль ч үе, олон сорилт дунд хотууд оршин тогтносоор байгаа. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг том асуудал. Үүнийг дагасан хот төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцжуулалт, нийтийн тээвэр зэрэг асуудал 200 жилийн өмнө үүссэн хотод байна, 20 жилийн өмнө сууриа тавьсан хотуудад ч байна.
Хотуудад тулгарч байгаа асуудлуудыг ярилцах, цаашлаад хотууд гамшиг, сорилтод тэсвэртэй болох нь хурцаар тавигдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том сорилт. 2023 он хамгийн дулаан жил байсан. Уур амьсгалын хэт халалт Америк тивийг түймэр бий болгож байхад, Ази, Африкт ган гачиг, үер усны аюул нүүрлээд байлаа.
Гамшгаас үүдэлтэй хохирол 2016 оноос тасралтгүй өссөөр жилийн 500 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ том сорилтыг төр дангаараа даван туулах боломжгүй. Цаашид Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ бүхнийг шийдэх уриалга гаргаж, Та бүхнийг урьсан юм. Монгол Улсын Их Хурлаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх эрхийг Улаанбаатар хотод өгсөн.
Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилт олсон хотуудын туршлагыг энэ удаагийн форумаар илүүтэй сонсохыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад байгаа.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг дан ганц төсвийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодит хэрэгцээ шаардлага тулгарсан. Иймд холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлт хийж, Монгол Улсын нийслэл хот, бүс нутгийн дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан даван туулахаар төлөвлөөд байна.
Хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс, тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээгээр оновчтой тодорхойлж, асуудлын шалтгааныг шийдвэрлэхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, иргэд, аж ахуйн нэгж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн тээж ажиллана” гэлээ.