Улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалт боллоо

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг өнөөдөр /2024-08-08/ зохион байгууллаа.

Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, тус сургалтад нийслэл, орон нутгийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн  800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долоодугаар сарын 31-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2, дотоодын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.
Сургалтын үеэр “Хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа, “Тандалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам танилцуулав.

Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт”  сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.
Түүнчлэн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий  мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.
Үргэлжлүүлэн улаанбурхан өвчин хөнгөн, дунд, хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмжийг ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид өгсөн ба албаныхан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ

ОУОХ-оос Залуучуудын Олимпын Наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн үндэсний олимпын хороодын дунд дугуй ширээний уулзалтыг …