Л.Хосбаяр:Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 29-р сургуулийн засварыг дуусгаж ашиглалтад оруулна

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:Долоодугаар сарын 29-ний өдөр бид их засварын ажлыг эрчимжүүлэхээр  сургуулийн байранд ажилласан. Түүнээс хойш гүйцэтгэл сайжирсан харагдаж байна. Төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө их засварыг дуусгаж ашиглалтад оруулна.

“Гурван тахилагат оргил” ХХК-ийн Л.Чойжилсүрэн:Манай компани долоодугаар сарын 8-ний өдөр гэрээт ажлаа хүлээн аваад төлөвлөгөөний дагуу шуурхай эхлүүлсэн. Наймдугаар сарын 8-ний байдлаар дотор заслын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Хугацаа бага учраас ажилчид уртасгасан байдлаар буюу 06:00 – 00:00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж буй. Уг барилга нь 35 жилийн турш засвар хийгдээгүй учраас нураалтад их хэмжээний хугацаа орсон. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөхөөр шахан ажиллаж байна.

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар:Сургуулийн барилга анх 1964 онд ашиглалтад орсоноос хойш  засварын ажил огт хийгдээгүй. Дулаан алдагдал маш ихтэй, жилийн дөрвөн улиралд дээврээсээ бороо, цасны ус нэвчдэг хүнд хэцүү байдалтай байсан. Сүүлийн зургаан жил шат шатны байгууллагад хандсан ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Харин хоёрдугаар сард Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай танилцан уг ажлыг эхлүүлэхэд нөлөө үзүүлсэнд баяртай байна. Уг асуудалд одоогоор Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр зуун хувь хариуцаж ажлыг эрчимжүүлж байна. Бүх талаар дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Цаашдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллана.

 

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …