Хуримтлалын нэгдсэн сангийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтарсан ажлын хэсгүүд байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв”, нийслэлийн ЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци, Арилжааны банкууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцов.

Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бий болгох арга хэмжээний талаар харилцан санал солилцсон.

Энэ хүрээнд Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сан, Үндэсний баялгийн сан-Хуримтлалын сан, Сингапур Улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо, Монгол Улс дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Хуримтлалын нэгдсэн сан дахь иргэдийн нэрийн дансыг хэрхэн үүсгэх, түүнийг иргэд хэзээ хэрхэн ашиглаж болох, Хуримтлалын нэгдсэн сангийн бие даасан менежментийг зөв зохистой зохион байгуулах нарийвчилсан судалгаа дүгнэлт бүхий зураглал гаргах дэд ажлын хэсгүүдийг байгуулж, дараагийн уулзалтаар танилцуулахыг үүрэг болгов.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын 12 тамирчин “ПАРИС-2024” паралимпын наадамд оролцоно

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох …