Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслийн асуудлаар “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн Монгол, Казакстан, Бүгд Найрамдах Киркиз улс хариуцсан ерөнхий захирал Сибу Найр, “Бюро Веритас КИС” ХХН-ийн төлөөний газрын захирал Э.Соёлчимэг нартай уулзлаа.
Уулзалтын үеэр “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК-ийн зүгээс “Сэлбэ дэд төв”, “Шинэ Зуунмод хот”, “Туулын хурдны зам”, “Шинэ Хархорум хот”-ын төслүүдэд олон улсын экспертүүдийг ажиллуулах, аюулгүй байдлын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ-ийн дүгнэлт, олон улсын стандартад нийцсэн чанар, техникийн хяналтыг хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд танай байгууллагатай хамтран ажиллах боломжтой” гэв.
Франц Улсын “Бьюроу Веритас Инспекшэнь Тестин Монголиа” ХХК нь хяналт, шинжилгээ, баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн 140 улсад салбартай. Монгол Улсад 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн үл эвдэх сорилын үйлчилгээ, Улаанбаатар хотын усны компакт гэрээний дагуу хийгдэж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрийн чанарын хяналтын ажлыг гүйцэтгэж байгаа юм.