Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газар татвартай холбоотой ямар шинэчлэл хийх гэж байна. Айл өрх бүр ямар нэг зээлтэй, зээлийн хүүгийн дарамтад байна, зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн тусгасныг асуув.
Гишүүний асуултад Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариулт өглөө.
Тэрбээр “Хамтарсан Засгийн газар татварын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, татварыг бууруулах чиглэлээр ажиллана. Үүний тулд бидэнд хугацаа хэрэгтэй байгаа. Хувь хүн, аж ахуйн нэгж дээр очиж байгаа татварын дарамтыг хэрхэн багасгах талаар тодорхой тооцооллуудыг хийх шаардлага бий. Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг шинээр боловсруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах алхам хийнэ. Мөн татвартай зэрэгцсэн хураамжийг цэгцлэх ажлыг ойрын үед хийх хэрэгтэй байгаа. Ямар хураамжийг хэн, хэрхэн авах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Иргэдээс давхар татвар, хураамж, төлбөр авдаг хаалгыг ээлж дараалан хаагаад явна. Хамтарсан Засгийн газар татвар нэмэхгүй гэдэг байр суурьтай байгаа. Татвар буулгах ажлыг судалгаанд үндэслэн хийнэ.
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бэлэн болсон байна. Шинэчилсэн найруулгын төслийг ойрын үед УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Тэрхүү хуулиар гаднын банк монголд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр зээлийн хүү буурах боломжтой” гэв.